
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байрны нөхцөлийг үнэлэх мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд нь дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байр, үйлдвэрлэлийн орчны хими, физик, сэтгэлзүй, физиологи, биологийн хортой хүчин зүйлсийн өртөлтийг хэмжин тодорхойлж, үр дүнг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэж, эрсдэлийг үнэлж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох нэгдмэл үйл ажиллагаа юм.
ХАБЭМТ нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд тавигддаг хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг үйлчилгээгээр ханган ажиллаж байна.
Ажил олгогч нь "...ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх ... үүрэгтэй"
Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг "MNS ISO/IEC 17020" стандартын итгэмжлэлтэй төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд холбогдох хууль, стандартуудыг мөрдлөг болгох бөгөөд "MNS 5080:2023", "MNS 4990:2023" зэрэг стандартуудыг заавал баримтална.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг MNS 5080:2023 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага стандартын дагуу дараах үе шаттай зохион байгуулдаг.
Байгууллагын хүсэлтийг хүлээн авч, анхан шатны мэдээллийг цуглуулах
Үнэлгээний төлөвлөгөөг боловсруулж, арга зүйг тодорхойлох
Ажлын байрны нөхцөлийг хэмжиж, мэдээлэл цуглуулах
Цуглуулсан дээжийг лабораторид шинжлэх
Шинжилгээний үр дүнг боловсруулж, тайлан бэлтгэх
Бэлтгэсэн тайланг байгууллагад хүлээлгэн өгөх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар баталсан "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам"-ын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх чадварыг бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлдэг. ХАБЭМТ нь MNS ISO/IEC 17020 стандартын дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үйлчилгээг үзүүлэх итгэмжлэлийг Үндэсний итгэмжлэлийн төвөөс авсан.
Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын бүрэлдэхүүнтэй баг нь итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн удирдлага дор хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар баталсан журмын шаардлагыг дагаж мөрддөг.
ХАБЭМТ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журамд заасан шаардлагын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх чадавхыг бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллагын бүтэц
Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори
Хөдөлмөрийн эрүүл ахуйч нар
ISO 17025 итгэмжлэлтэй хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага
Үндэсний итгэмжлэлийн төвөөс хөндлөнгийн хяналтын MNS ISO/IEC 17020 стандартаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхээр итгэмжлэгдсэн.
Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчаар удирдуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байна.

Тоос, металл, асбестийн шинжилгээ хийх микрожин, индукцын холбоост плазмын спектрометр, уе таших болон гэрлийг туйлшруулах микроскопоор тоноглогдсон Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лаборатори хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний лабораторийн шинжилгээнд ашиглагдаж байна. Түүнчлэн ХАБЭМТ-д хийгддэггүй зарим төрлийн шинжилгээг хийхэд ISO 17025 стандартаар итгэмжлэгдсэн бусад лабораториудтай хамтран ажиллаж байна.

ХАБЭМТ нь хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах, хувь хүний сонсголын түвшинд шуугианы өртөлтийг хэмжих, ажилтны биед нөлөөлж буй доргионы өртөлтийг үнэлэх, амьсгал хамгаалах маскны тохирооны сорилыг үнэлэх зэрэг олон улсын практикт өргөнөөр хэрэглэдэг, стандартын шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйн багаж, хэрэгслийг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд ашиглаж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүсэлтийг энэхүү онлайн формд дамжуулан хүлээн авч, 2 ажлын өдрийн дотор хариу өгнө.
Хүсэлт илгээхээс өмнө үнэлгээнд хамрагдах албан тушаалын жагсаалт болон албан тушаал бүрт хэдэн ажилтан байгааг тодорхойлж, үйлдвэрлэлийн технологи болон ажлын байранд ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх мэдээллийг үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах мэргэжилтэнд өгөх шаардлагатай.